Монгол дархлаа-Эх хэл


    Хүн эцэг эх, эх нутгаа сонгож төрдөггүй. Гэхдээ бид төрсөн эцэг эхээ хайрлаж хүндэлдэгтэй адил эх орныхоо ёс заншлыг дагаж, газар  нутгыг нь хайрлаж, эх хэлээ хүндлэх хэрэгтэй. Бид үр хүүхдээ эрүүл энх, мэдлэг боловсролтой сайн хүн болгож өсгөхийг эрмэлздэг. Гэвч энэ нь сүүлийн жилүүдэд хэт туйлшрал болоод байна. Бараг л хүн бүхэн хүүхдээ багаас нь гадаад хэлтэй цэцэрлэг, сургуульд сургах гэж шуурцгаана. Эх хэлээс нь илүүтэй харийн хэлийг сургах гэж яарцгаадаг болж. Энэ нь магадгүй нэг талаасаа зөв байж болох ч цаашдаа үндэстэн мөхөх аюулд хөтөлж байгаа юм. Манай оронд л гэхэд 2016-2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт 1354 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 854 цэцэрлэг, хувийн хэвшлийн 500 байна. Энэ нь өмнөх оныг бодвол 66(төрийн 28, хувийн38) цэцэрлэг  нэмэгдсэн гэсэн үг юм. Уг тоо ч жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн ихэнх нь англи, орос, хятад болон бусад хэл дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг ёсондоо бидний үр хойч харь хэлээр хэлд орж байна гэсэн үг. Цаашлаад бид эх хэлээрээ цэвэр сайхан бичих нь битгий хэл алдаагүй зөв бичих чадваргүй болох магадлалтай юм. “Өсхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдаг. Хэл яриа гэдэг тухайн улсын томоохон соёлуудын нэг. Бид эх хэлээ устгаснаар өв соёлоо цаашлаад үндэстэнээ устгана гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй бага насны хүүхдүүд өдрийн ихэнх хугацааг утсаар тоглож, ямар нэгэн бичлэг үзэж эсвэл зурагтын өмнө өнгөрүүлж байна. Эцэг эхчүүд ч үүнийг тоохоо больж. Хүүхдээ уйлаад эсвэл юм нихээд эхлэхээр бушуухан шиг л “амыг нь таглах” гэж утсаа бариулаад суулгачихна. Ингэснээр хүүхдийнхээ бие махбодь төдийгүй сэтгэхүйг нь хохироож буйгаа мэддэг ч үгүй. Хүүхдийн эмч нар 0-3 насны хүүхдэд зурагт үзүүлэхээс аль болох зайлсхийхийг зөвлөсөн байдаг гэтэл бүтэн өдөржин зурагт үзээд сууж байгаа хүүхдээ хараад тоохгүй өнгөрдөг. Энэ олон цаг зурагтын өмнө суусахдаа хүүхдүүд ихэвчлэх хүүхэлдэйн кино, клип, бичлэг үзнэ. Ер нь ажиглахад хүүхдүүд “Cartoon Network”, “Baby TV” зэрэг гадаад суваг үзэх дуртай харагддаг. Тэдгээр сувгууд хүүхдийн сэтгэхүйд зориулсан, анхаарал татахуйц, өнгө үзэмж сайтай байдаг хэдий ч бүгд харь хэлээр.  Хүүхдүүд эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ харилцахаас илүү гадаад хэлээр хүүхэлдэй үзэж байна. Гадаад хэлээр дуу шүлэг сурч байна. Яваандаа эцэг эхтэйгээ харь хэрээр ойлголцдог болно. Манай хэлээр гаргадаг ганц хүүхдийн суваг нь “Dream Box”. Гэтэл гарч буй хүүхэлдэй кинонууд нь “Pororo”, “My little pony”, “Лунтик” зэрэг харийн контентуудыг орчуулан үзүүлж байна. Энэ ч бас харийн соёлыг нэвтрүүлж буй нэг хэлбэр юм. Уг нь ч манайхан сүүлийн үед “Маамуу” гэх хүүхдэд зориулсан хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг хийж байна. Үүнийг нь багачуул их шимтэн үзэж байгаа нь авууштай. Үүн шигээ олон нэврүүлэг контентуудийг хийвэл эх хэл төдийгүй ирээдүй хойчоо ч харийн соёлод уусахаас хамгаалж магадгүй юм. Хүүхдийг багаас нь эх хэлээрээ цэгцтэй яриулж, алдаагүй зөв бичиж төлөвшүүлэх нь цаашид эх хэлээ эрхэмлэх суурь болж өгдөг. Өнөөдөр ямар ч хүнээс магадгүй хүүхдээс асуухад “тасарцан гоё”, “аймар гоё”, “саак”, “күүл”, зэрэг үгсийг ойлгодог хэдий ч үндэснийхээ уламжлалт “богц”, “жива”, “галирах” зэрэг үг хэллэгийг барагтай мэддэггүй. Бид өөрсдөө төдийгүй үр хойчоо эх хэлээ алдаагүй зөв цэгцтэй хэрэглүүлж сургах хэрэгтэй. Бид хэтэрхий гадаад, гадаадынхаа гэж хошуурцгааж эх хэл, эх нутгаа хөсөр хаяад байгаа юм биш биз дээ.

Comments

Popular posts from this blog

Монголын нуугдмал гайхамшигууд

Энтеровирусын халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

Зуныг илүү зугаатай болгох арван ЖОР